
Энэ жил улсын хэмжээнд 103.7 мянган тонн төмс, хүнсний ногоо, 470 мянган тонн улаан буудай хурааж авахаар төлөвлөжээ. Төмс хүнсний ногооны тариалалт энэ жилийн хувьд дөрвөн хувиар нэмэгдсэн учраас төлөвлөснөөсөө илүү ургац хурааж авах магадлалтай байгаа аж. Монгол Улс өнгөрсөн оноос эхлэн төмс экспортолж эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн онд манай улс 8000 тонн төмс экспортод гаргажээ. Ингэхдээ килограмм тутмыг нь 850 төгрөгөөр ОХУ-ын зах зээлд нийлүүлсэн байна. Улмаар гаалийн татвар, тээвэрлэлтийн зардал хасагдаад ногоочид 450 төгрөгөөр төмсөө экспортолсон аж. Харин энэ жилийн хувьд дахин төмс худалдаж авах санал ОХУ-аас ирүүлсэн байна. Учир нь ОХУ- ын Хабаровск мужийн Амар мөрөн үерлэж, хот тосгод усанд автаж, ургац хураах боломжгүй болсон учраас ийнхүү дахин манай улсаас төмс авах санал ирүүлжээ.
Сэтгэгдэл (4)