Жендерийн үндэсний хороо өнөөдөр эрэгтэйчүүдийн төлөө ажилладаг төр болон төрийн бус байгууллагын
төлөөллүүдэд зориулсан “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг
хэрэгжүүлэх болон жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад
эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалт зохион
байгуулж байна. Сургалт өглөө 09.00 цагаас эхэлсэн бөгөөд 17.00 цаг хүртэл Бишрэлт зочид буудлын хурлын танхимд үргэлжилнэ.Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн мэдлэг болон жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн зөв ойлголт, эерэг хандлагыг төлөвшүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд нэгдсэн мэдээллээр хангах зорилготой. Сургалтын илтгэгчээр М.Болормаа /ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга/, М.Мөнхсаруул /Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хөтөлбөрийн менежер/, У.Мандхайцэцэн /Хүний эрх хөгжил төвийн хамт олонд суурилсан хөтөлбөрийн зохицуулагч/, Роземари Хантер /Австралийн сайн дурын ажилтан, жендэрийн мэргэжилтэн/, М.Цасчихэр /Эрчүүд-эрүүл гэр бүл төв ТББ-ын зохицуулагч/, Б.Нямцэцэг /Монголын эрэгтэйчүүдийн холбооны сэтгэл зүйч/ нар ажиллах юм байна.
Оролцогчдын оролцоон дээр тулгуурласан шинэлэг аргачлалаар явагдах энэхүү сургалт жендерийн тухай ойлголт, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай МУ-ын хууль болон Засгийн газрын бодлого; Хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог хэрхэн хангах гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон сэдвээр явагдах аж.



















































