Байгаль орчны иргэний зөвлөлөөс урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эсэргүүцэн мэдээлэл хийлээ. Тэд урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж мэдэгдэл гаргаж, Засгийн газарт хүргүүлэхээр бэлдсэн байна. Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ТББ-ын удирдлагуудын хэлж байгаагаар өнгөрсөн дөрвөн жилд урт нэртэй хуулийн хэрэгжилт муу байсан гэнэ. Тодруулбал тус хуулийг баталснаас хойш алтны компаниуд хуулийг дагаж мөрдөөгүй ба харин ч илүү ихээр газар нутгийг сүйтгэсэн гэв. Газар нутгаа бүрэн бүтэн байлгах асуудал хамгийн чухал байхад эдийн засаг хямарсан нэр дор энэ хуульд засвар оруулж алт олборлолтыг замбараагүй болгож байгааг эсэргүүцэж байгаагаа ТББ-ын төлөөлөгчид хэлэв. Өмнө нь энэ хуулийг зөрчиж байгаа хүмүүст төр хариуцлага тооцдоггүй байсан гэнэ. Урт нэртэй хуулийн хэрэгжилт муу байгаагаас болж малын бэлчээр сүйдэж, малчид амьдрах газар, уух усгүй болоод байгааг тэд санууллаа. Ийм байхад алт олборлох эрхийг хяналтгүй өгч байгаа нь нутаг ус бүр их сүйтэхийн нэр гэж тэд үзэж байгаа аж. Ер нь эрх баригчид тус хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол ард иргэд болон байгаль орчны иргэний зөвлөлтэйгээ зөршилцөх ёстой. Цаашлаад иргэдийн уур бухимдлыг хүргэж буугаар галлахад хүргэсэн нь төрийн буруу гэж тэд үзэж байгаа аж. Тэд урт нэртэй хуульд өөрчлөлт оруулж, алтны олборлолтыг чөлөөтэй явуулахыг цаашид ч эсэргүүцнэ гэв.
Т.Энхэлээ



















































