
2013 оныг экологийн боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан “Байгаль хамгаалах сан”, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газартай хамтран нийслэлийн тохижилтод үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг шалгаруулах “Шилдэг ногоон байгууламж” сэдэвт уралдааныг зохион байгуулж байна. Тус уралдаанд оролцох хүсэлтэй сургууль цэцэрлэгүүд эзэмшлийн талбайдаа үлгэр жишээ цэцэрлэг, бичил цэцэрлэг байгуулж тарималжуулах ажлыг гүйцэтгэх юм. Мөн ногоон байгууламждаа олон төрлийн мод, бут, олон наст өвслөг, цэцэгт ургамлыг тарьж нутагшуулж, хийсэн ажлын талаарх танилцуулга, фото зураг бүхий материалыг Дүүргийн Засаг даргын Тамгын газарт энэ сарын 23-ны 17 цаг хүртэл аваачиж өгөх аж. Нэгдүгээр шатны шалгаруулалтыг Дүүргийн Засаг даргын Тамгын газар хийх бөгөөд шалгарсан сургууль, цэцэрлэгийн материалыг Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар хүлээн авч “Байгаль хамгаалах сан”-тай хамтран хоёрдугаар шатны шалгаруулалтыг хийх юм байна. Үүний дараагаар нийслэлийн хэмжээнд шалгарсан шилдэг сургууль, цэцэрлэгүүдэд шагнал гардуулах үйл ажиллагааг намрын “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр буюу 2013 оны 10 сарын 12-нд зохион байгуулах юм байна.
Т.Энхэлээ