
Унгарын нийслэл Будапешт хотноо чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээн эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байгаа билээ. Өчигдөр хуваарийн дагуу эмэгтэйчүүдийн 55, 59, 63 кг-ийн жингийн барилдаанууд болсон. Манай бөхчүүдээс 55 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн, 59 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Т.Мөнхтуяа , 63 кг-ын жинд МУГТ С.Батцэцэг нар зодоглосон юм. Ингээд өчигдөр дэлхийн аваргын дэвжээнд зодоглосон гурван бөхчүүдээс хоёр нь медалийн тавцанд гарч чадсан.
63 кг-ын жинд олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг урамтай сайхан барилдаж учраа бөхчүүдээ ээлж дараалан ялж аваргын төлөө дэлхийн найман удаагийн аварга Японы алдарт бөх Каоро Ичид ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болж, дэлхийн аваргын медалиа хослуулсан юм. Харин энэ өдөр 59 кг-ын жинд барилдсан ОУХМ Т.Мөнхтуяа хүрэл медалийн эзэн болсноор Монголын баг тамирчдын медалийн буухиаг ийнхүү үргэлжлүүллээ.