
Непалын гаалийн дарга Сурия Драсад Ачаря тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 9 дүгээр сарын 19-21-ний хооронд Монгол Улсад айлчлал хийж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Непалын Сангийн яамны төсвийн орлогын газрын дарга Ражан Шарма, Сангийн яамны нарийн бичгийн дарга Уттар Кумар Катри нар болон Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид нийт 8 хүн оролцов.

9 дүгээр сарын 19-нд тэд ГЕГ-т зочилж, дарга О.Ганбаттай уулзаж, хоёр орны гаалийн байгууллагын өнөөгийн хөгжил, мэдээллийн технологийг гаалийн хяналт шалгалтад ашиглаж байгаа байдал болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар ярилцлаа.

Непалын гаалийн дарга Сурия Драсад Ачаря ГЕГ-ын газрын дарга О. Ганбатад халуун дотно хүлээн авсанд талархаж байгаагаа хэлээд Непалын засгийн газраас гаалийн мэдээллийн автоматжуулсан системийг хөгжүүлэхэд онцгой анхаарч АХБ-ны тусламжтай цахим гаалийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулж байгаа болон энэ чиглэлээр амжилттай ажиллаж байгаа гаалийн байгууллагуудаас туршлага судлахаар 4 орныг сонгосны нэг нь Монгол болохыг онцлон тэмдэглэв. Монголд ирэхийн өмнө Гүрж, Энэтхэг зэрэг орноор орж, гаалийн мэдээллийн системтэй танилцсанаа ярилаа. Айлчлалын хүрээнд Улаанбаатар хот дахь Гаалийн газарт зочилж, Монголын Гаалийн CAIS системийн хэрэгжилтийг газар дээр нь үзэж танилцах юм.


Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)