
Архангай аймагт Хавдрын эсрэг үндэсний аян зохион байгуулагдаж, Хавдар судлалын үндэсний төвийн өндөр мэргэжлийн эмч нар иргэдэд амбулаторийн үзлэг хийжээ. Мөн тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжид суурилан зайлшгүй шаардлагатай элэгний хавдрын тэжээгч судас боох хагалгааг гурван хүнд хийсэн байна. Энэ нь дэлхийн стандартыг хангасан мэс заслыг орон нутгийн нөхцөлд хийсэн тохиолдол аж. Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Э.Ариун-Эрдэнэ хэлэхдээ, “БНСУ-ын Сөүлийн төв эмнэлэгтэй Архангай аймгийн Эрүүл мэндийн газар хамтран ажиллах гэрээг хоёр жилийн хугацаатай хийсэн. Гэрээнд тусгаснаар эхний ээлжинд тус эмнэлгээс мэс заслын дөрвөн эмч энэ сарын 9-13-ны өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ажилласан. Энэ хугацаанд тэд уруул тагнайн сэтэрхий, илүү хуруу, нүдний мэс заслуудыг хийсэн. Түүнчлэн амбулаториор нүд чих хамар хоолойн үзлэг хийлээ. Нарийн мэргэжлийн солонгос эмч нар 34 мэс засал, 200 гаруй хүнд үзлэг хийсэн” гэв.
Т.Энхэлээ