Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Ц.Болорбат археологийн шинжлэх ухаанд томоохон нээлтэд тооцогдох гэрэлт хөшөө илрүүлжээ. Энэ нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас олдсон Түрэгийн үеийн гэрэлт хөшөө юм байна. Уг хөшөө нь Монгол нутгаас өмнө нь олдсон Мэргэн Тоньюкук, Культегин болон Билгэ хааны гэрэлт хөшөөнүүдтэй эн зэрэгцэх том хөшөө ажээ. Дээр дурдсан Түрэгийн хөшөөнүүдийг бүгдийг нь гадаадын эрдэмтэд нээн илрүүлж, шинжлэх ухааны эргэлтэд оруулж байсан бол энэ удаа Монгол эрдэмтэн Түрэгийн үеийн асар том гэрэлт хөшөөг илрүүлсэн байна. Тиймээс уг гэрэлт хөшеөг Монгол эрдэмтэд өөрсдөө бие даан судлахаар болж, археологийн хүрээлэнгийн дарга, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Д.Цэрэндоржоор ахлуулсан экспедиц уржигдар Сүхбаатар аймгийг зорьсон байна. Энэ экспедиц нь 30 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд 14-30 хоног малтлаг хийхээр төлөвлөөд байгаа юм.


















































