Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Дотоодын цэргийн аварга шалгаруулах "Жижиг бүлгийн тактик-2013" тэмцээн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дахь "Нарстай ам" Цагдаа дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвд 2 дахь жилдээ 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Төв, орон нутгийн анги, байгууллагын 14 баг, алба хаагчид өрсөлдлөө.Тэмцээний зорилго нь улсын онц чухал объектыг хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсооход оролцох дотоодын цэргийн үндсэн чиг үүрэг ойртуулан, алба хаагчийн мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг сайжруулах, бүлгийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэхэд чиглүүлэн явуулж байгаагаараа онцлогтой.
Тэмцээнд анги, байгууллагуудад явагдсан эхний шатны тэмцээнээс шалгарсан бүлгүүд оролцож, 10 км марш үйлдэхдээ автомашин жолоодох ур чадвар, зөрчигч этгээдийн мөрийг илрүүлэх, хэргийн газарт үзлэг хийх, хамгаалалтад авах, тактикийн буудлага хийх, саадтай зурвас, хордсон газар орныг туулах, шалган нэвтрүүлэх ажиллагаа, нормативын бэлтгэл, албаны нохойн дасгал, гардан тулааны үзүүлбэр, тактик сэтгэлгээ, сэтгэн бодох чадвар зэрэг төрлүүдээр өрсөлдсөн.
Тэмцээнийн нийлбэр дүнгээр 805 дугаар ангийн дэслэгч А.Кадирбек захирагчтай 1-р бүлгийн бүрэлдэхүүн “Тэргүүн байр”, дэслэгч Э.Батбаяр захирагчтай 2-р бүлгийн бүрэлдэхүүн “Хоёрдугаар байр”, 05 дугаар ангийн ахлах дэслэгч П.Анхтунгалаг захирагчтай бүлгийн бүрэлдэхүүн “Гуравдугаар байр”-нд тус тус шалгарч Шилжин явах, өргөмжлөл, цом, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн “Албаны шилдэг нохой”-гоор Багахангай дүүрэг дэх тусгай салааны “ЖЕК” дуудлагтай нохой шалгарч, алтан медаль, өргөмжлөлөөр шагналаа.
Д.Ундрах /24tsag.mn/



















































