ҮХААЯ-наас гаргасан урьдчилсан таамгаар энэ намар буюу аравдугаар сарын 10-ны дотор улсын хэмжээнд 400 мянга гаруй тонн буудайг хурааж авах төлөвтэй байна. Хэрэв цаг агаар тогтвортой байвал манай улс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахуйц буудайг хураан авах нээ. Түүнчлэн тус яамны хамгийн сүүлийн мэдээллээр улсын хэмжээнд улаанбуудайн хураалт 12,3 хувь буюу 35740 га талбайгаас 51 мянга 290 тонныг хураагаад байгаа аж. Үүнтэй зэрэгцэн буудайн агуулах савны асуудал хөндөгдөж эхэлдэг. Тиймээс Тариалан эрхлэлтийг дэмжих сан 140 мянга гаруй тонн, гурилын үйлдвэрүүд 250 мянга орчим тонн буудайг хадгалах агуулах савтай болсон байна. Дээр нь тариаланчид өөрсдөө 100 мянга гаруй тонн буудай агуулж чадна хэмээн мэдэгдээд байгаа юм.
Дашрамд дуулгахад хүнсний ногооны хураалт харьцангуй өндөр буюу 53.1 хувьтай байгаа бол тэжээлийн ургамлын хувьд 32 хувь буюу 13087 тонныг, тосны ургамлын хураалт 10.4 хувь буюу 3736 тонныг тус тус хураажээ.



















































