
Улаанбаатар хотод зам засварын ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар “Гудамж” төслийн хүрээнд “Атар Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг хоёр дахин өргөтгөн шинэчлэх ажлыг “Наранбулаг Хан” болон “Монроуд” ХХК гүйцэтгэж байна. Уг ажил ирэх сарын 15-нд дуусах гэрээтэй ч тухайн чиглэлд хөдөлгөөний ачаалал хэт нэмэгдэж, зорчигчдод хүндрэл учруулж байгаа тул ажлыг 24 цагаар яаралтай гүйцэтгэж, хугацаанаас нь өмнө маргааш буюу /09.26-нд/ замын зорчих хэсгийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Харин үлдсэн хугацаанд явган зорчигчийн зам болон орчны бусад тохижилтын ажлыг хийх юм. Үүнээс гадна “Би Ти Өү” ХХК-ийн гүйцэтгэж байгаа 25 дугаар эмийн сангийн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил өнөөдрийн байдлаар 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд ирэх сарын 5-ны өдөр замын тэмдэг тэмдэглэгээг дуусгаж, зорчих хэсгийг нээх төлөвлөгөөтэй байна. Харин Циркийн арын уулзварын ажил 45, Гэмтлийн эмнэлгээс уруудсан замыг I хорооллын арын замтай холбосон шинэ уулзвартай болгох ажил 60 хувьтай явж байна. Энэ хоёр уулзварт зам хаагаагүй зорчих хэсгүүд нээлттэй байгаа учраас замын хөдөлгөөний эрчимд сөргөөр нөлөөлөхгүй байгаа болно гэж “Гудамж” төслөөс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)