Ямарваа байгууллагын удирдлагууд ажилчдаа үндэслэлгүйгээр халах тохиолдол хаа газрын албан байгууллагуудад гардаг. Тиймээс тухайн халагдсан ажилчин гэнэт халагдсаны мөнгө гэж байгууллагаасаа нэхэж, мөн шүүхээр заргалдах ч эрхтэй байдаг. Харин удирдлага нь ямар нэгэн шалтгаангүйгээр халвал буцааж ажилд нь оруулж, ажлаагүй хугацааных нь цалинг бодож олгодог. Тэгвэл сүүлийн үед ажилчдаа ямар нэгэн хэрэгт гүтгэж эсвэл янз бүрийн шалтгаан бодож олж халдаг жишиг тогтжээ. Улмаар тухайн халсан хүнийхээ оронд өөрийн танил нэгнээ шургуулдаг гэхэд бараг л хэлсдэхгүй юм. Учир нь тухайн байгууллагын удирдлагууд өөрсдийн хувийн ашиг сонирхолын үүднээс өөрт таалагдахгүй байгаа ажилчнаа ямар нэгэн шалтгаанаар халаад оронд нь гялс л хүн авчихдаг болж. Үүний тод жишээ бол Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн юм. Тус хүрээлэнгийн захирал ажилчнаа өөр ажилчны компьютерт санаатайгаар халдсан гэх шалтгаанаар ажлаас нь түр чөлөөллөө гэсэн захирамж гаргасан байгаа. Тэгсэн хэрнээ тухайн албан хаагчийн оронд ажиллах хүнийг аль хэдийнэ сонгосон байдаг. Тэгэхээр энэ хүрээлэнгийн удирдлагууд хувийн ашиг сонирхолын үүднээс зургаан жил ажилласан албан хаагчаа халж оронд нь өөрийн танил нэгнээ оруулсан байгаа юм.Ингээд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс халагдаж эргэж ажилдаа орохыг хүссэн тус хүрээлэнгийн бүртгэл мэдээллийн хэлтсийн Архив сан хөмрөг хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Н.Бат-Амгаланаас хэдэн зүйлийг тодрууллаа.
- Тэгэхээр олдугаар сарын 25-наас ажилгүй байсан гэж ойлгож болох уу?- Яг хоёр сар ажлаа хийж чадахгүй явж байна. Манай байгууллагын удирдлагууд намайг хуул бусаар шалгасан. Гэвч шүүхээс гэм буруугүй гэдэг нь тогтоогдоод энэ сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн прокуророос гэм буруугүй гэсэн тогтоолыг гаргаж өгсөн. Ямар ч гэмт хэрэгт холбогдолгүй гэсэн тогтоол шүү дээ. Ингээд энэ сарын11-нээс байгууллагадаа хандаж буцаж ажилдаа орохыг хүссэн. Гэвч өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй байна.
- Ямар учраас шалгуулсан юм бэ?
- Байгууллагынхаа албан хаагчийн компьютер дээрээс мэдээлэл авч бусдад тараасан гэж үзсэн. Ингээд манай хяналт шинжилгээ дотоод аудитын хэлтсийн дарга Болдбаатар, мөн манай хүрээлэнгийн захирал Х.Өлзийбаяр нар ямар нэгэн хувийн ашиг сонирхолын үүднээс хандаж, хүчин төгөлдөр бус тушаал гаргасан. Өөрөөр хэлбэл тэр хоёр тушаал гаргаж намайг цагдаагийн байгууллагаас шалгах болсон учир албан үүргээс нь түр түдгэлзүүллээ гэсэн тушаал гаргасан. Ямар шалтгаанаар шалгаж байгаа үндэслэлээ ч олигтой дурдаагүй байсан. Ингээд шууд миний оронд ажиллах хүнийг томилох тушаал гаргасан байгаа. Улмаар долдугаар сарын 25-ны өдөр Болдбаатар хэлтсийн дарга таван хүний хамт миний өрөөнд орж ирээд таныг шалгах болсон гэж хэлсэн. Би ямар учраас шалгах гэж байгааг нь асуухад "та алба хаагчийн компьютерт зөвшөөрөлгүй нэвтэрсэн байна" л гэж хэлсэн.
-Та тэгэхээр захиралаа буруутгаж байгаа хэрэг үү?
-Ер нь бол төрийн албанд ажиллаж байгаагүй туршлагагүй хүн манайд удирдлагаар ажилладаг. Хуулиас давсан зүйл хийж маш олон хүмүүст чирэгдэл учруулаад байна. Манай нэг албан хаагч бас л захиргааны хэргийн шүүхээр явж байгаа. Бас л албан тушаалаас нь үндэслэлгүй чөлөөлсөн. Энэ мэтээр ажиллагсдаа хохироодог.
-Хэдэн жил энэ байгууллагад ажилласан бэ?
-Би 2006 оноос хойш ажиллаж байна.
-Хэвлэлийнхэнд хандахаас өөр ямар арга хэмжээ авах гэж байна?
-Би цаашид Захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргана. Одоо энэ мэдээллийг хийсний дараа надад тодорхой дарамт шахалт ирэх байх. Тиймээс би хэвлэл мэдээллийнхэнтэй байнга холбоотой байна.
Тэгэхээр шүүхийн байгууллагаас тухайн албан хаагчийг буруугүй гээд нотлоод өгч байхад буцаан ажилд нь авахгүй байгаа нь хачирхалтай юм. Энд яалтачгүй хувийн ашиг сонирхол байна гэхэд хэлсдэхгүй. Дашрамд хэлэхэд, ганц ШШҮХ бус өөр төрийн байгууллагуудад ч ажилчдаа ямар нэгэн шалтгаангүйгээр халдаг тохиолдол мэр сэр гарсаар байна.




















































Сэтгэгдэл (11)