Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн гадаа "ГССҮТ нь 2013.9.26-наас эхлээд ЭМЯ-ны хууль бус томилогооны эсрэг суулт
хийж байгаа тул ажиллахгүй" гэсэн бичиг хаджээ. Тус төвийн эмч нар өчигдрөөс эхлэн ажил хаялт зарлан,
өнөөдрөөс төлөвлөгөөт бүх хагалгааг хийхгүй байна гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл тус эмнэлгийн гадаа очиход үүдэндээ дээрх бичгийг наасан байсан ч жирийн өдрүүд шиг үйл ажиллагаагаа явуулж байлаа. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар эмч нараас тайлбар авах гэсэн ч яриа өгөхөөс эрс татгалзаж байна. Дээрх эмч нар ГССҮТ-ын захирлаар шинээр томилогдсон Ц.Энхбат гэгчийг эсэргүүцэж, хууль бус томилгоо хэмээн үзэж байгаа аж. Харин Н.Удвал сайд эмч нар ингэж албан тушаалын асуудлаас болж ажил хаях, суулт зарлах нь хууль бус гэж үзэн өнөөдөр тушаал гаргажээ.Хэрэв хууль бус үйлдлээ үргэлжлүүсний улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээнд чирэгдэл учрах, өвчтөний байдал хүндрэх, хүний амь нас эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдол гарвал тухайн хууль бус үйл ажиллагааг зохион байгуулсан эмч, ажилтнуудад хариуцлага тооцохыг ГССҮТ-ын захирал Ц.Энхбатад үүрэг болгожээ. Өөрөөр хэлбэл суулт зарласан гэж эмч нарын үйлдлийг ЭМЯ-наас буруушааж, ажлаа хийхийг шаардсан байна.
Харин суулт зарлаж байгаа гэх эмч нарын хувьд маргааш ЭМЯ-нд очиж Н.Удвал сайдтай уулзсаны дараа суултаа үргэлжлүүлэх эсэхээ шийдэх юм байна.
Ямартаа ч одоогоор ГССҮТ-ийн үйл ажиллагаа хэвийн, ямар нэгэн доголдол гараагүй байгаа бөгөөд зөвхөн яаралтай бус, төлөвлөгөөт хагалгааны өрөөг лацаджээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар шинэ захирал Ц.Энхбат нь томилогдсныхоо дараа хуучин дарга болон зарим эмч нарын хууль бус үйл ажиллагааг илчилнэ гэсэн утгатай яриаг хэвлэлд өгснөөс болж зарим ажилчдын дургүйцлийг хүргэсэн бололтой.
Т.Энхэлээ





















































Сэтгэгдэл (1)