Өнөөдөр дэлхийн аялал жуулчлал өдөр тохиож байна. Энэ өдрийг 1979 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий Ассамблейн 3-р
чуулганаас тэмдэглэн
өнгөрүүлж байх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ жил тус өдрийг “Ус ба аялал
жуулчлал /Ирээдүйгээ хамгаалцгаая/” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэн
өнгөрүүлэх юм байна. Манай улсын хувьд энэ өдрийг угтан тус чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийн оюутан залуусын дунд “Гранд тур” олимпиадын зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Үндэсний төв музейн гадна талбайд Аялал жуулчлалын мэргэжил сурталчлах үзэсгэлэн зохион байгуулснаар олимпиад хаалтаа хийх юм.
“Гранд тур” олимпиад нь аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, аялал жуулчлалыг нийтэд сурталчилах зорилготой 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жил МУБИС-д аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэсний 20 жилийн ойн хүрээнд “Дотоодын аялал жуулчлалын хөгжлийн асуудал” сэдвийн дор болж буйгаараа онцлог аж.




















































