
Автозамын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл явахыг зөвшөөрөлтэй билээ. Тэгвэл маргаашнаас такси мөн нэгдүгээр эгнээгээр зорчино. Гэхдээ стандартын шаардлага хангасан такси л ийм эрх эдэлнэ гэж онцолж буй. Замын цагдаагийн газрын хяналтын камерт бүртгэгдсэн, такси үйлчилгээ эрхэлдэг 15 компанийн 579 такси нэгдүгээр эгнээгээр зорчих эрхтэй бөгөөд таксины өнгө үзэмж, стандартын шаардлагад нийслэлийн Тээврийн газар хяналт тавин ажиллах юм байна. Түүнээс гадна өмнөх шигээ хаа хамаагүй газар, гараа өргөсөн болгоны өмнө такси зогсохгүй гэдгийг анхаараарай. Зөвхөн зориулалтын зогсоолд зорчигчдоо буулгаж, суулгах юм байна. Шаардлагатай үед нэгдүгээр эгнээнээс баруун гар тал руу эргэн тээврийн хэрэгсэл зогсохыг хориглоогүй туслах зам, хороолол дунд зорчигчоо буулгаж болох аж. XVI хорооллын автобусны зогсоолын ард, Сансарын ШТС-ын автобусны зогсоолын ард, Судалт төв Барилгачдын талбай, Бөмбөгөр худалдааны төв, IV хороолол “Дүүхээ” төв, X хорооллын туслах зам “Цахилгаан тээвэр” компанийн эсрэ талд, “Центрпойнт” (Голомт төв) ТБД андууд (ХААН банкны урд) Капитрон банк (103-ын уулзварьн урд), Үндэсний номын сангийн өмнө ‘Улаанбаатар” их дэлгүүрийн хойд талд гэхчлэн өнөөдрийн байдлаа нийслэлд нийт 13 зогсоол бүрэн ашиглалтад ороод буй. Мөн Тээврийн дээд сургууль болон цэргийн эмнэлгийн урд талбайд хоёр зогсоол нэмж барьж байгаа аж. 2014 он гэхэд таксины 27 зогсоолтой болохоо төлөвлөөд буй.