Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Баянхонгор аймагт 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр ажиллаж, тус аймгийн шүүхийн шүүн таслах ажиллагаатай танилцан, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзлаа. Уулзалтын үеэр Дээд шүүхийн Ерөнхий шүүгч тус аймгийн давж заалдах шатны болон сум дундын анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны чанар, үр дүн зохих шаардлагын хэмжээнд байгааг тэмдэглээд цаашид шүүгч бүр тодорхой эрх зүйн төрлөөр мэргэшин, мэдлэг, чадвараа дээшлүүлэх, мэргэжилтнийг хөгжүүлэх замаар шүүн таслах ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэн ажиллах нь чухал болохыг онцлов.
Түүнчлэн шүүхийн захиргааны ажилтнуудад хандаж, холбогдох хэргийн хөдөлгөөний стандартуудын дагуу бүртгэлийг хөтлөн, шүүх, шүүгчээс бүрэн эрхийнхээ хүрээнд үйлдэж буй шийдвэр, тогтоол, магадлал, захирамжийг тогтоосон хугацаанд, хуульд заасан шаардлагын дагуу боловсруулан ёсчлуулах, процессын алдаа гаргахаас урьдчилан сэргийлж, шүүн таслах ажиллагааны чанар, нөлөөг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэн ажиллахыг зөвлөлөө.
Ерөнхий шүүгч 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Өвөрхангай аймгийн давж заалдах шатны болон анхан шатны шүүхэд ажиллана.



















































