
Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын тайлангийн мэдээллийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа аж.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар жилийн ажлын тайлангаа Улсын Их Хуралд ирүүлэхдээ өөрсдийн үйл ажиллагаанд Хууль зүйн яамнаас боловсруулсан “Байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу үнэлгээг хийж ирүүлж байх; мөн холбогдох Байнгын хороодоор жилийн ажлын тайланг хэлэлцэж гаргасан санал, дүгнэлтийг байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллах талаар сургалтад оролцсон дээрх байгууллагуудын удирдлагуудад ажлын чиглэл өгөв.
Энэхүү системчилсэн үнэлгээ нь байгууллагын үйл ажиллагааны үр өгөөж, өөрийн тавьсан зорилгодоо ямар хэмжээнд хүрсэн байдлыг тодорхойлох зорилготой юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.