Өчигдөр Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар Нарантуул, Сандей худалдааны төвд үүссэн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн, гал түймрийг богино хугацаанд мэргэжлийн өндөр ур чадвар гарган унтраасан гал сөнөөгч, аврагчдыг онцгой байдлын албаны болон бусад шагналаар шагналаа.

Шагналыг Шадар сайд Д.Тэрбишдагва, Онцгой байдлын ерөнхий газрын дарга онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж болон албаны бусад хүмүүс гардуулсан бөгөөд үйл ажиллагааг нээж Шадар сайд хэлсэн үгэндээ ” Онцгой байдлын алба бол Монгол улсын өмнө хүлээсэн маш хариуцлагатай алба юм. Эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, хүн ардынхаа амь насыг аливаа гамшгаас авран хамгаалдаг. Нарантуул Сандей худалдааны төвд гарсан гал түймрийг унтраахад манай Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид онцгой сайн ажилласан. Та бүхэнд баяр хүргэе.Ажлын амжилт хүсье” хэмээн онцолж хэлсэн.

Онцгой байдлын хурандаа цолоор 1, онцгой байдлын ахлах дэслэгч цолоор 1, Онц гал сөнөөгч тэмдэгээр 5, Онцгой байдлын ерөнхий газрын жуух бичгээр 3, Баярын бичгээр 16, Сайшаалын үнэмлэхээр 11, хугацааны өмнө ахлагч цолоор 9 нийт 50 гаруй албан хаагч шагнагдлаа.

Өнгөрсөн 8 дугаар сарын 23-нд Нарантуул худалдааны төвд гарсан гал түймрийг унтраахад удирдлагаар ханган ажилласан нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч Гал унтраах хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатарыг онцгой байдлын хурандаа цолоор шагнасан юм.




