
Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг шинээр баталсан Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хөдөө орон нутагт ажиллаж буй. Тэрбээр уржигдар Өвөрхангай аймгийн давж заалдах болон Сум дундын шүүхэд ажиллалаа. Энэ үеэр тэрбээр шүүгч, шүүхийн ажилтнуудтай нэг бүрчлэн уулзаж, шүүн таслах болон бусад ажлынх нь талаар санал, сэтгэгдлийг сонссон байна. Ингэхдээ тус аймаг дахь шүүн таслах ажиллагааны чанар төдийлөн сайнгүй байгааг холбогдох судалгаанд түшиглэн тэмдэглээд, цаашид энэ талаар анхаарч ажиллахыг сануулжээ. Мөн шүүн таслах ажиллагааны тулгуур зарчмуудын нэг нь шүүгч төдийгүй шүүхийн захиргааны ажилтнуудын ажилдаа хариуцлагатай хандаж, эзэн болох явдал гэдгийг онцлоод алдаа, зөрчил дахин гаргахгүй байхыг анхааруулав. Мөн тус аймгийн давж заалдах шатны шүүх нь ирэх сарын 2-ноос эхлэн Архангай, Баянхонгор аймгийн газар нутгийг харьяалан тойргийн журмаар ажиллах тул зохих бэлтгэл ажлыг богино хугацаанд, эрчимтэй хийж гүйцэтгэх нь шүүн таслах ажиллагааны чанарт чухал нөлөө үзүүлнэ гэж онцолжээ.
Д.Ундрах /24tsag.mn/