"Галын техник спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” БНСУ-ын Жинжү хотноо 2013 оны 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.Тус тэмцээнд оролцож, мэргэжлийн дадлага эзэмших, туршлага солилцохоор Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир, спорт хорооны ахлах дасгалжуулагч, Онцгой байдлын хурандаа А.Батмөнх, дасгалжуулагч, Онцгой байдлын дэд хурандаа Д.Дэлгэрмаа нараар ахлуулсан 12 тамирчин оролцохоор БНСУ-ыг зорилоо. Монгол Улсад 1956 оноос эхлэн гал сөнөөгчдийн гал унтраах ур чадвар, дадлагыг дээшлүүлэх, гал унтраах үйл ажиллагааг боловсронгуй болгохзорилгоор уралдаан тэмцээн зохион байгуулж ирсэн нь гал унтраах техникийн олон төрөлт спорт үүсэж хөгжихийн эхлэл болсон гэж үздэг.Монголын Биеийн тамир спортын төв зөвлөлийн тэргүүлэгчдийн 1971 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор гал унтраах техникийн олон төрөлт спортыг БНМАУ-ын /хуучин нэрээр/ спортын нэгдсэн ангилалд оруулж, тамирчдад олгох цол зэргийн нормыг баталсан байдаг. Үүнээс хойш манай баг тамирчид хуучин социалист орнуудын Галын байгууллагуудын баг тамирчдын дунд зохион байгуулдаг олон улсын тэмцээнд анх 1973 онд Болгар улсад зохион байгуулагдахад оролцсон бөгөөд түүнээс хойш 1986 он хүртэл тасралтгүй оролцсон.Энэхүү тэмцээн 2 жил тутамд зохион байгуулагддаг байсан бөгөөд манай баг тамирчид Болгар-1973, Герман-1975, Чехословак-1977, ОХУ-ын Сочи-1979, Унгар-1981, ОХУ-ын Минск -1984,Польш-1986 улсад болсон тэмцээнд оролцож байсан арвин түүхтэй. Энэ удаагийн Галын техник спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцож байгаа тамирчдыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хэмжээнд зохион байгуулагдсан 2011, 2013 оны бүсийн аварга, 2012 оны улсын аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтыг үндэслэн сонгон авч шигшээ баг бүрдүүлсэн бөгөөд Саадтай 100 метр, Довтолгооны шат, 4x100 метрийн буухиа, Байлдааны тархалт, 2 төрөлтийн нийлбэр зэрэг 5 төрлөөр оролцох юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































