
Нийтийн үйлчилгээний "Улаанбаатар" нэгтгэл байгуулагдаад удаагүй ч өвөлжилтийн бэлтгэл ажилдаа хэдийнэ оржээ. Хотын төвийн хэсгийн 260 км замын цас, мөс, хальтиргаа гулгааг тус нэгтгэл хариуцан цэвэрлэх бөгөөд цас шүүрдэж хусдаг, бодис цацдаг "Камаз" маркийн таван автомашин, бодис цацах зориулалтын төхөөрөмж суурилуулсан зургаан "Портер", "Автотрейлер" нэг, "Ковш" болон "Hino" маркийн тус бүр хоёр машинтай ажиллах гэнэ. Өмнөх жилүүдэд шар хантаазтанууд цас, мөс цэвэрлэдэг байсан бол энэ жилээс ногоон байгууламжийн цэцэрлэгчид зам цэвэрлэгээний машины ажилтнууд гээд улирлын чанартай ажил хийдэг нийт 140 хүнээр "Улаанбаатар" нэгтгэл хүний нөөцөө бүрдүүлжээ. Одоогоор нийслэлийн нөөцөд 300 тонн цас хайлуулах давс бэлэн байгаа бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс нэмж 500 тонн бодис авахаар тендер зарласан байна. Мөн байгаль орчинд хор нөлөөгүй цас мөс арилгагч шингэн уусмалыг энэ өвөл шинээр туршиж үзээд амжилттай болбол худалдан авах гэнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)