Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс Монголын Үндэсний олон нийтийн радиотой хамтран бэлтгэдэг “Тод журам” нэвтрүүлгийн ээлжит дугаар өнөөдөр 13.10 минутаас тус радиогоор нэвтэрнэ. Нэвтрүүлэгт Орхон аймгийн шүүхийн шүүгч П.Долгормаа оролцож, хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар ярилцлага өгсөн болно. Түүнчлэн хөдөлмөрийн маргааны талаар тодорхой шүүхийн шийдвэр дээр үндэслэсэн зохиомж орсон. Нэвтрүүлгийн давталт 2013 оны 10 дугаар сарын 12-ны бямба гаригийн 17 цаг 30 минутаас МҮОНР-гаар нэвтэрнэ.Улсын Дээд шүүхийн ХМОНХХ-ээс уг нэвтрүүлэгтэй хамтран ажиллахдаа шүүхээр шийдвэрлэсэн эрүү, иргэн, захиргааны хэргүүд дээр үндэслэн зохиомж бэлтгэх, хэрэг, маргааны тодорхой төрлийн талаар шүүгчдээр ярилцлага өгүүлж, олон нийтэд хүргэх замаар иргэдийн эрх ашгийг шүүх хэрхэн хамгаалж байгааг сонсогчдод хүргэхийг гол зорилгоо болгосон юм. Түүнчлэн олон нийтэд хэрэгтэй эрх зүйн мэдлэгийг олгохыг зорьсон билээ. Мөн Шүүхийн тухай багц хуулийг иргэдэд сурталчлахыг эрхэмлэсэн бөгөөд энэ онд явуулсан нэвтрүүлгийн маань дийлэнх нь шүүхийн шинэтгэл болон багц хуулийн асуудлыг хөндсөн юм.



















































