Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах Нийслэл, дүүргийн шүүхийн иргэний хэрэг хянан шийдвэрлэдэг шүүгчидтэй 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уулзаж, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар ярилцжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад дээр дурдсан хуулийн зарим зүйл заалтыг нэг мөр, зөв хэрэгжүүлэх явдал чухал байгааг онцолсон байна. Түүнчлэн хугацаа хэтэрсэн иргэний хэрэг, ялангуяа он дамжин шийдвэрлэгдээгүй байгаа хэргийг шийдвэрлэж дуусгах асуудалд анхаарал хандуулахыг сануулжээ.
Уулзалт-ярилцлагын үеэр Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Наранпүрэв шүүхэд төлөөлөх эрхийг Улсын Дээд шүүхэд бүртгэх ажиллагааны талаар мэдээлэл хийсэн байна.



















































