Мэдээлэл холбоо, интернет сүлжээний тэргүүлэгч байгууллага “Cisco”-гоос олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн IT инженерүүдэд олгодог гэрчилгээг монгол залуу хүртжээ. Түүнийг Б.Ихбаяр гэдэг. Энэ жил 22 настай. Тэрээр өнгөрсөн жил Энэтхэгийн Бангалорын их сургуулийг төгссөн бөгөөд одоогоор “IT zone” компанид ажилладаг юм байна. Уг гэрчилгээг олгохдоо дөрвөн түвшний шалгалт авдаг бөгөөд “Cisco certificate internetwork expert” хэмээх хамгийн дээд түвшний шалгалтад тэнцсэн инженер дэлхийн томоохон байгууллагуудад өндөр цалинтай ажиллах боломжтой байдаг аж. Дэлхийн IT инженерүүдийн нэг хүрэхгүй хувь нь ийм гэрчилгээтэй бол “Cisco”-гийн шалгалт өгсөн мэргэжилтнүүдийн гурван хувь нь л дээд түвшний гэрчилгээ авч чаддаг байна.
Харин Б.Ихбаярын хувьд анхныхаа шалгалтаар ийм өндөр шалгуурыг давсан бөгөөд тэрээр “Нас залуу цус шингэн, хийж бүтээх зүйл их байна. Монголдоо ажиллаж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч байна. Монгол инженерүүд чадварлаг ч, хэлний мэдлэг дутуугаасаа болоод тэнцдэггүй” гэжээ.
Сонирхуулахад өмнө нь манай орноос нь хоёр хүн уг гэрчилгээг авч байжээ.



















































Сэтгэгдэл (4)