Дэлхийн охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг “Гүнж” ТББ-аас мэдээлэл хийлээ. Тус ТББ-аас "Хөөрхөн зүрхнүүдийн аян"-тай хамтран охидын эсрэг хүчирхийлэл тэр дундаа бэлгийн хүчирхийллийг эсрэг дуу хоолой нэгтгэн “Охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоо” сарын аяныг зохион байгуулахаар болжээ.Аяны хүрээнд “Нөлөөллийн ил захидал бүтээх" аяныг давхар хэрэгжүүлэх бөгөөд охид бэлгийн хүчирхийллийн эсрэг дуу хоолой, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, шийдвэр гаргах түвшний хүмүүст зориулж өөрсдийн гараар ил захидал бүтээх юм. Тэдгээр ил захидлаар үзэсгэлэн гаргаж олон нийтэд сонирхуулахаас гадна холбогдох төрийн байгууллагын албан тушаалтанд зөвлөмжийн хамт илгээх юм байна. “Нөлөөллийн ил захидал бүтээх аян”-д хотын төвийн сургуулиудаар хязгаарлахгүй нийслэлийн дүүргүүд болон Төв, Дархан-Уул аймгийн охид хамрагдаж байгаа аж.



















































