
“Үйлийн гурван толгой” балетыг Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолоос сэдэвлэсэн бөгөөд цомнолыг балетмейстер хореограф, Төрийн шагналт, АЖ Б.Жамъяандагва бичиж, УГЗ Ж.Мэнд-Амар хөгжмийг нь бичсэнээр балет бүтсэн түүхтэй. Ж.Мэнд-Амар ардын аялгууг үндэсний найрал хөгжимтэй хослуулан найруулж, жүжгийн удиртгал болгосон нь шинэлэг хэлбэрийг олсон юм. Дүрүүдийн хувьд гэвэл Нансалмаад МУГЖ Г.Цолмон, Юндэнд СТА А.Өлзий-Орших, Хоролмаад СТА Г.Батчимэг, Балганд СТА Х.Мөнгөнхөлөг, худалдаачинд Б.Пүрэв-Очир, ноёнд СТА Х.Чойжилсүрэн нар тоглох бөгөөд балетын бүх жүжигчид оролцон, симфони найрал хөгжим хөгжимдөх аж.