
"Гүнж" төвийн дэргэдэх "Залуу эхчүүдийн клуб"-ын зохицуулагч М.Цэрэнбалжир "АЗИЙН ОХИДЫН ЭРХИЙН АНХДУГААР ШАГНАЛ" хүртлээ. Тайваны Засгийн газар болон "The Garden of Hope Foundation"-ы хамтран зохион байгуулдаг уг үйл ажиллагаанаас энэхүү нэр хүндтэй шагналд Азийн олон орны охид нэр дэвшсэнээс энэтхаг, тайван, вьетнам болон монголын охид эцсийн шатанд шалгарч, эцэст нь М.Цэрэнбалжир уг шагналыг хүртжээ. Шагналын гол зорилго нь өөрийн орны болон Азийн охидын эрхийн төлөө тэмцэж, тэдний дуу хоолой болж буй охидыг шалгаруулах, алдаршуулах төдийгүй тэдгээр охидоор дамжуулан охидын эрхийн асуудлуудыг олон нийтийн анхаарлын төвд авчрах явдал юм. Мөн түүнчлэн энэхүү шагналын гол онцлог нь хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж, өөрсдөө хүчирхэгжээд зогсохгүй, бусдад, үе тэнгийнхэндээ нөлөө үзүүлж буй охидод олгодогоороо онцлогтой аж.