
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын өрхүүдэд утаа багатай зуух худалдаж эхлээд байна. Өнгөрсөн жилээс тарааж эхэлсэн энэ зуухыг энэ жил нийт 45 мянган айлд худалдана. "Өлзий", "Дөл", "Талс" зэрэг дөрвөн төрлийн зуухыг хөнгөлөлттэй үнээр буюу 29-36 мянган төгрөгөөр зарж байгаа юм. Харин энэ зуухыг дараа жил ингэж хөнгөлөлттэй үнээр худалдахгүй учир амжиж авахыг "Улаанбаатар цэвэр агаар" төслөөс иргэддээ анхааруулж байна.
Сайжруулсан зуухыг авахдаа оршин сууж буй хорооноосоо авах бөгөөд өмнө нь энэ төсөлд хамрагдаагүй байх шаардлагатай юм. Хэрэв ийм зуух авчихаад бусдад дамжуулсан, худалдсан бол хариуцлага хүлээлгэхээр болсон билээ.