
Жолооны хуучин шар үнэмлэхээ солиулах хүсэлтэй жолооч нарын үнэмлэхийг ажлын гурав хоногийн дотор хэвлэж өгч байгаа аж. Харин замын хөдөлгөөнд оролцож явахад нь цагдаа нар жолооч нарын хуучин үнэмлэхийг хүчингүйд тооцож, хураан авч байна гэсэн мэдээлэл зарим цахим сайтуудад гарсан байна. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Замын хөдөлгөөнд хуучин үнэмлэхээрээ оролцож яваа жолооч нарт заавал шинэ үнэмлэх авах ёстой гэсэн шаардлага тавихгүй. Иргэд өөрийн хүсэлтээр, эсвэл авто машин жолоодох эрхээ түр хугацаагаар хасуулсан тохиолдолд хуучин үнэмлэхийг нь устгаж, дахин үнэмлэх олгохдоо шинийг хэвлэн өгч байгаа” гэв.