
Энэ нь үндэсний өлзий билэг, өрнөн дэгжихүйн хийморь болсон морин хуур хөгжмийг монгол үндэсний бахархал болгон мөнхжүүлэх, дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилгоор морин хуур хөгжмийн зэмсэгийн хэлбэртэй, 300 гаруй метр өндөр цогцолбор барих ажил юм.
Таван жилийн хугацаатай уг төслийг “Морин хуур тауэр” ХХК хэрэгжүүлж байгаа бөгөөд цогцолбор 90 гаруй мянган м.кв талбайтай. Мөн цогцолбор Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт урьдчилсан тооцоогоор нийт 300 сая орчим ам.долларын санхүүжилтээр баригдах аж. Одоо барилгын зургийн олон улсын тендер шалгаруулах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
“Морин хуур цогцолбор” нь толгойн хэсэг, дээд доод чих, иш, цар, суурь, гадаад талбай гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Хуурын толгойн хэсэгт шүншигтэй, чихний хэсэгт алсыг харах битүү шилэн тавцан, ишний хэсэгт мөнгөн аяга хэлбэртэй ресторан байрлана. Харин царын хэсэг 30 давхар бөгөөд гадна ханыг төгсгөлгүй үргэлжлэх түмэн наст хээгээр чимэх юм. Суурь хэсэгт автомашины битүү зогсоолыг бий болгоно. Гадаад талбайд амарч зугаалах таатай орчинг бүрдүүлж, түүх соёлын дурсгалын олон сайхан дурсгал бүтээлээр чимэхээр төлөвлөжээ.
Их бие буюу царын дээд гурван давхарт Ёслол хүндэтгэлийн өргөө, Төрт ёсны музей, Их хаадын болон Ерөнхийлөгчийн номын сан, Дэлхийн музей, Уран зургийн галерей, Монгол туургатны генетикийн төв, Одон орон судлалын төв, Археологи, антропологийн төв, Монгол гэрийн музей, Монгол бичгийн өргөө, Монголын их хөлгөн туульс, хөгжмийн зэмсгийн өргөө, Хурим ёслолын өргөө зэрэг олон танхимуудтай байрлахаар зураг төсвөө баталжээ. Бусад давхаруудад олон улсын өндөр зэрэглэлийн хүлээн авалтын танхим, албан байгууллага, компани, орчин үеийн үйлчилгээний төв, зочид буудал, ресторан, үзэсгэлэн, бэлэг дурсгалын дэлгүүр байрших юм.
Сонирхуулахад, нэгдүгээр давхарт Молор эрдэнийн морин хуур шүтээн хөшөөг босгохоос гадна Морин хуур чуулгын орчин үеийн концертийн танхим, Морин хуурын түүхийн музей байгуулах юм байна.

Сэтгэгдэл (1)