Өнөөдөр энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд эхэлж байна. Нээлтийн ажилллагаа 09.00 цагт Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуульд болно. Энэ удаагийн нийслэлийн цэрэг татлага найман дүүрэгт зохион байгуулагдана. Харин ирэх тавдугаар сард үлдсэн Багануур дүүрэгт цэрэг татлага явагдах аж.Цэргийн зарлан дуудах хуудас аваад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр завсардсан буюу цэрэг татлагын товчоонд очоогүй иргэдэд Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчын эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ буюу торгуулийн арга хэмжээ авдаг байна. Тодруулбал, дүүргийн Засаг дарга, цэргийн штабын дарга 50 мянга хүртэл, багийн Засаг дарга нар 10 мянган төгрөг хүртэл хэмжээний мөнгөн торгууль ногдуулах эрхтэй байдаг. Харин нэгээс дээш удаа завсардсан иргэдийг цэрэг татлагын үеэр болон цэрэг татлага дууссаны дараа мэдэгдэх хуудсаар дуудаж шалтгаан нөхцөлийг нь тогтоодог байна.
Нийслэлийн хэмжээнд энэ удаагийн цэрэг татлагаар 20 орчим мянган цэргийн үүрэгтнүүдэд зарлан дуудах хуудас тараажээ. Эдгээр иргэд цэрэг татлагын гурван өдөр хуваагдаад өөрийн харьяа дүүргийн цэрэг татлагын товчоогоор асуудлаа шийдүүлэх юм. Цэргийн зарлан дуудах хуудсанд тухайн иргэнийг хэдний өдөр, хэдэн цагт, хаана очсон байх ёстойг тодорхой зааж өгсөн байна.



















































