
Эхний ээлжинд хоёр эмнэлэгт камер суурилуулж туршилт явуулах юм байна. Цаашид ээлж дараагаар бүх шатны эмнэлгийн мэс заслын өрөөг камертай болгох аж.
Мэс заслын өрөөнүүдийг камержуулах болсон шалтгаан нь өвчтөнд хийсэн мэс заслаа эргэн дүгнэх, алдаа дутагдлаа тооцож үзэх зорилготой юм байна. Түүнчлэн хагалгааны явцад бичлэг хийж, дотоод эмчилгээндээ ашиглах бөгөөд хаана, ямар мэс ажилбарыг хэрхэн гүйцэтгэх боломжтойг гаргах аж. Эрүүл мэндийн салбар нь өндөр түвшинд хүрсэн гадны ихэнх эмнэлгүүд камертай байдаг бөгөөд дээрх журмаар эмчилгээний чанарыг дээшлүүлдэг байна. Зөвхөн эмч нар туршлага, ур чадвар дээрээ ашиглахаас гадна эрхтэн шилжүүлэн суулгах, эрхтэнг нь авах зэрэг мэр сэр хууль бус үйлдэлтэй тэмцэх шилдэг арга бол камер гэж үзэж байна. Учир нь зарим улсын томоохон эмнэлгүүдэд элэг, бөөр шилжүүлэн суулгах хууль бус үйлдэл байж магадгүй хэмээн иргэд сэжиглэх тохиолдол цөөнгүй байдаг аж. Тус ажлыг Эрүүл мэндийн яамнаас санаачилжээ.