
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Булган аймгийн давж заалдах шатны шүүх болон Сум дундын шүүхэд 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажиллав. Ерөнхий шүүгч тус аймгийн шүүхийн шүүн таслах ажиллагаатай танилцан, шүүгч, захиргааны ажилтнуудтай нэг бүрчлэн ярилцаж, нэгдсэн уулзалтад оролцон, шүүн таслах ажиллагааны явцад гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар тэдний санал хүсэлтийг сонссон байна. Уулзалтын үеэр Ерөнхий шүүгч тус аймгийн шүүн таслах ажиллагаа зохих шаардлагын хэмжээнд байгааг тэмдэглээд анхан шатны журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүгч хэргийн төрлөөр дагнан шийдвэрлэж байгааг сайшааж, цаашид шүүн таслах ажиллагааны онцлог нь мэргэшсэн шүүгч, дагнасан шүүхийн зохион байгуулалтаар ажиллах болохыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн шүүн таслах ажиллагаанд нийтлэг оршиж буй алдаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх замаар шүүн таслах ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлж ажиллахыг захилаа.