Нийслэлийн тээврийн газраас бидний нэрлэж заншсан Саппорогийн автобусны зогсоолд зогсох зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал уг зогсоолд зогсох үндсэн тав, туслах долоон чиглэлийн том оврын автобус Гуравдугаар төв эмнэлгийн баруун талд зорчигчдоо буулгаж, суулгахаар боллоо. Учир нь ЭЗХЯ-ны “Гудамж” төслийн хүрээнд Саппорогийн тойргийг гэрлэн дохиотой уулзвар болгон өөрчилсөн ч дээрх 12 чиглэлийн автобус хуучин буудлаасаа зорчигчдод үйлчилсээр байжээ. Энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байв. Харин автобусны бууддыг өөрчилсөн нь иргэд зорчигчдын аюулгүй зорчих эрхийг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, ачааллыг бууруулах ач холбогдолтой болсон аж. Зогсох буудал нь өөрчлөгдсөн M31, М31/6/, М36, М44, М46, туслах ТШ8, ТШ19, ТШ22, ТШ25, ТШ39, ТШ41, ТШ44 чиглэлийн автобуснууд өнгөрсөн баасан гаригаас шинэ зогсоолоосоо үйлчилж эхлэв.



















































