
Нийслэлийнхэн хэрэгжүүлмээр шинэ санааг Хөвсгөл аймгийнхан гаргажээ. Хотод ч тэр, аймгийн төвд ч тэр золбин нохойг журамлах асуудал тулгамдаж байдаг. Хэдийгээр Улаанбаатар хотод нохой устгадаг анчид байдаг ч заримдаа хэтрүүлчихдэг талтай. Уяанаасаа суларсан эсвэл уяагүй байж сурсан зэнтэй нохдыг гудамжинд явахад нь шууд буудчихдаг. Тиймээс хотынхон нохойгоо ор сураггүй болвол "буудуулчихаж" гээд хэнд ч гомдолж чадахгүй харамсаад өнгөрдөг. Тэгвэл Хөвсгөл аймгийнхан энэ асуудлыг шийдэж, хотын төвдөө нохой журамлан саатуулах байр барьжээ. Гадуур тэнэж яваа нохдыг хүн урж, гэмтээхээс сэргийлэн уг байранд байлгадаг бөгөөд тав хоногийн дотор ирэхгүй бол устгадаг байна. Харин эзэн нь нохойгоо авъя гэвэл хоногийн 3000 төгрөг төлдөг. Багаас нь өсгөсөн нохойныхоо төлөө ийм хэмжээний мөнгө төлөхөд харамсах хүн цөөн байх.
Харин энэ жишгийг Улаанбаатарт хэрэгжүүлбэл нохойгоо саатуулах байрнаас авах гэж мөнгө төлөхгүйн тулд эзэд нь хараа, хяналтаа сайжруулах биз. Хотынхон хэрэгжүүлмээр Хөвсгөлийн жишээ ийм байна.
Сэтгэгдэл (1)