Өнгөрсөн хоногт Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 12, гал түймрийн зөрчлийн тав, аврах ажиллагааны нэг дуудлага ирсэн байна. Дуудлагуудын дагуу нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Мөн утаанд хордож амь насаа алдахаас хоёр хүүхэд 19 том хүнийг аварчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичилийн 21 дүгээр байр 3 дугаар орцонд утаа гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад айлын 3х4 метрийн хэмжээтэй том өрөөний эд хогшил шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 25 настай, эмэгтэйг гаргаж, эмчид хүлээлгэн өгсөн байна. Мөн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын байранд утаа гараад байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад гал тогооны өрөөнд эд зүйл шатаж байсныг шуурхай ажиллан унтрааж утаажилтын орчноос 8 настай эмэгтэй, 5 настай эрэгтэй хүүхдүүдийг гаргаж ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн Баянзүрх
дүүргийн 14 дүгээр хороо, Герен ресусс хотхоны байранд хөөсөнцөр шатаж
байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар
ангийн тасгийг гаргахад барилгын зүүн талын хөөсөнцөр 4 дүгээр давхар
хүртэл шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан байна. Утаажилтын орчноос 18
иргэнийг гаргаж аюулгүй газар байрлуулан амь биеийг нь авран хамгаалжээ.Д.Ундрах /24tsag.mn/



















































