Манай улсад уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн салбар, түүнийг дагаад бусад олон салбар хурдацтай хөгжиж байгаа энэ үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт түүнд тавигдах шаардлагыг өндөржүүлэн ажиллах нь чухлаар тавигдаж байгаа. Тэгвэл Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага хөтөлбөрөөс “Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн жишиг загвар бий болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн хаалтийн чуулга уулзалтыг өнөөдөр 14.00-18.00 цагийн хооронд “Blue Sky” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдлын салбар дахь урьдчилан сэргийлэлт, хэрэгжүүлэлт ба хяналтын тогтолцооны талаар Монгол, Германы мэргэжилтнүүд туршлагаа хуваалцах болно. Энэхүү чуулга уулзалтын нээлтийг Монгол Улсын Хөдөлмөрийн Яамны дэд сайд Ж.Батхуяг, ХБНГУ-ын Элчин Сайдын Яамны Дэд Тэргүүн бөгөөд элчин зөвлөх Буркхард Дюкофр нар нээх бөгөөд уг арга хэмжээний үндсэн илтгэлийг Монголын Алт Корпорацийн дэд ерөнхийлөгч А.Ганбилэг тавих юм.



















































