"Замбала", "Номин", "Миний зах", "Боса", "Эвридей", "Макс", "Веллмарт" зэрэг найман супермаркет, сүлжээ дэлгүүрүүдэд шалгалт хийхэд тэдгээрээс зөрчил илэрчээ. Тодруулбал эдгээр дэлгүүрүүд нь нь харилцагч компаниудаас хамтран ажиллах гэрээний үндсэн дээр шинээр бараа нийлүүлэхэд түүнийг нь кодлуулсан тохиолдолд 5000-10000 төгрөгийг төлбөр авч байсан аж. Тухайн төлбөрийг компани тус бүр өөр өөр зүйлд зарцуулдаг гэх боловч кодлох ажиллагаанд тухайн дэлгүүрээс ямар нэг илүү зардал гарахгүй байгаа нь дээрх дэлгүүрүүдийн тухайн төлбөрийг зарцуулдаг байдлаас харж болохоор байгаа гэнэ. Супермаркет, сүлжээ дэлгүүрүүдийн дээрх үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-ыг зөрчсөн гэж ШӨХТГ-аас үзэж байна. Мөн супермаркет, сүлжээ дэлгүүрүүд нь харилцагч компаниудтай хүнсний бүтээгдэхүүн буцаалтын талаар ямар ч хариуцлага хүлээхгүйгээр хэтэрхий нэг талыг барьсан гэрээний нөхцлийг нийлүүлэгч нарт тулгасан байсан аж. Дээрх үйлдэл нь өөрт ноогдсон үүрэг хариуцлагыг нийлүүлэгч хариуцахаар тулган шаардсан хэт нэг талыг барьсан шударга бус гэрээ болсон гэж ШӨХТГ-аас үзжээ.Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-ийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. “Номин холдинг” ХХК, “Сонгино хангай” ХХК-иудын хувьд энэ үйл ажиллагаа нь давамгай байдлаа хууль бусаар ашиглан үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөл шаардсан буюу Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-т “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах...;”-ыг хориглоно гэж заасныг, 7.1.8-т “тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг бууруулахад хүргэж болох нөхцөлөөр уг бараа бүтээгдэхүүнийг өөртөө худалдахыг бусдаас шаардах” гэж, 7.1.11-т “тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Эдгээр зөрчлийг арилгах үүднээс тус дэлгүүрүүдэд улсын байцаагчийн долоо хоногийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлжээ. Хэрвээ зөрчлөө арилгагүй бол ШӨХТГ-аас дараагийн шатны арга хэмжээг авах аж.
Өмнө нь бас эдгээр сүлжээ дэлгүүрүүд барааны үнэ лангуу болон кассан дээрээ зөрүүтэй байгаа нь тогтоогдсон. Бараг л дор хаяж 3000 төгрөгний зөрүүтэй байгаа талаар тухайн үед холбогдох албаныхан мэдээлж байсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































