
Улаанбаатар хотод бага ангийн сурагчдын нийт 124971 ширхэг дүрэмт хувцасны захиалга ирснээс 119091 ширхэг иж бүрэн дүрэмт хувцасыг үйлдвэрлээд байна. Түүнчлэн борлуулагдаагүй үлдсэн дүрэмт хувцас тодорхой хэмжээнд байгаа учраас Улаанбаатар хотод 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэхээ түр зогсоогоод байгаа аж.
Харин хөдөө орон нутагт 80931 ширхэг бага ангийн сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэсэн бөгөөд талаас илүү хувийг нь нийлүүлсэн байна.
Мөн тэд өнгөрсөн сард сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэж байгаа даавууны чанарт дахин шинжилгээ хийсэн байна. Энэ тухай Нэхмэлийн хүрээлэнгийн захирал Д.Энхтуяа “Манай лабортори дүрэмт хувцас оёж буй үйлдвэрүүдээс даавууны 20 гаруй дээж /сорьц/-ийг авч шинжилсэн. Энэ шинжилгээнээс сурагчийн дүрэмт хувцасны даавуунд байх ёстой бүхий л өгөгдлүүд хэмжээндээ байгааг тогтоосон. Стандарт хэмжээгээр 2500 үрэлтийн дараа даавуунд бүрзийлт үүсэх эсэхийг тодорхойлдог. Харин бид үүнийг 5000-7000 болгож туршилт явуулахад 4-ээс дээш үнэлгээ авсан. Ийм үнэлгээ авна гэдэг бол гадуур хувцсанд нийцэж буйг илэрхийлдэг. Харин сүлжмэл бүтээгдэхүүн /ноосон майк, цамц/ дээр бүрзийлт бага үнэлгээ авсан байгаа. Эдгээр бүтээгдэхүүний богинохон ноосон ширхэгүүд сөрдийн гарч ирснээр бөөгнөрөл үүсч байгаа юм. Тийм учраас хэдэн удаагийн цэвэрлэгээний дараа бөөгнөрсөн богинохон ширхэгүүд нь байхгүй болж бөөгнөрөл дахин гарахгүй гэж үзэж байна” гэв.
А.Наран