
Энэ жил Өгөх өдөр ТББ-тай олон байгууллага хамтран ажиллаж байгаа бөгөөд тэд хүүхэд багачуудын дунд уралдаан зарлаж, Э.Алтангэрэл хүүд туслахаас гадна Батсүмбэрийн асрамжийн газарын ахмадуудыг ор хөнжлийн шинэ даавуутай болгох зэрэг олон ажлыг хэрэгжүүлж байгаа билээ.
Тодруулбал тэд өнгөрсөн жилийн өгөх өдрөөр АНУ-ын нэрт зохиолч Шел Силверстайны “Өглөгч Мод” номыг нийслэл болон хөдөө орон нутгийн сургуулиудад үнэгүй тараасан бөгөөд тэр номыг уншаад төрсөн сэтгэгдлээ өөрийнхөөрөө тайлбарлах зургаар илэрхийлэх зохион бичлэг болон гар зургийн уралдааныг зарласан. Уралдааны ялагч өнөөдөр буюу "Үндэсний өгөх өдөр" шагналаа гардан авах юм.
Мөн энэ өдөрт нэгдсэн Хамтын халуун сэтгэл нэгдлээс Батсүмбэрийн асрамжын газрын бүх ахмадуудад ор хөнжлийн даавуу дэрний уутыг иж бүрнээр нь солих аяныг Facebook цахим хуудсаар өрнүүлээд байна.
Түүнчлэн энэ оны хоёрдугаар сард Дорноговь аймгийн Ихэд суманд гэртэйгээ шатаж түлэгдсэн Э.Алтангэрэл хүүд туслах хандивын аяныг "Үндэсний өгөх өдөр"-ийг тохиолдуулан дахин явуулахаар болжээ. Учир нь түүнийг Солонгос руу эмчилгээнд явуулахад хөрөнгө мөнгө дутаад байгаа юм. Өнгөрсөн хугацаанд түүний эмчилгээнд зориулж хандивын тоглолт хийсэн боловч эмчилгээний зардал 15 сая төгрөгнөөс дөрөв орчим сая төгрөгийг нь олж чаджээ. Ингээд түүнд тусалж буй Оюунлаг нийгмийн залуус ТББ-ын залуус Үндэсний өгөх өдөрт нэгдэн түүнд дахин хандив цуглуулж байгаа нь энэ аж.