
Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн Думаагийн Содном өнөөдөр “Чингисийн одон”-гоор шагнууллаа. Тэрбээр одонгоо гардаж авахдаа түмэн олонтой ийн сэтгэгдлээ хуваалцжээ. “Өнөөдөр бүтээн байгуулалт хийж буй Монголын Алт компанид ажиллаж байгаадаа баяртай байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таны бодлого, үйл ажиллагааны хүрээнд иргэний оролцоог нэмэгдүүлэх, авлига хээл хахуулийг таслан зогсоох, шүүхийг шинэчлэх, төсвийн ил тод байдлыг хангах, төвлөрлийг сааруулах, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, Монгол соёлоо хамгаалан, дэлгэрүүлэх, олон улсын тавцанд Монгол Улсынхаа нэр хүндийг өргөх талбарт онцгой анхаарч, тууштай зарчимтай ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж явсан хүний хувьд бахархаж байгаагаа илэрхийлье. Монголчууд бид эцэг, өвгөдөөсөө өвлөсөн эх нутаг, газар шороогоо үр ач даа өвлүүлж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо хайрлан хамгаалж, улс төр, эдийн засгийн хувьд хүчирхэг улс болох ёстой. Бүтээсэндээ тайвширч биш бүтээхдээ шамдаж явцгаая. Монгол хүн бүр улс орныхоо ирээдүй хөгжил, язгуур эрх ашгийг дээдэлж, алсын хараа, холын байдалтай байж, өвөр зуураа талцах бус эв эеээ хичээн өөдлөн дэвшихийн төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээе. Би Монгол хүний холч ухаан, уужим сэтгэл, хийморь заяагаар бахархаж явна. Бид бүхний Монгол төрийн сүлд ивээг. Их баярлалаа” гэжээ.