Хэлмэгдсэн иргэд орон сууц өгөхийг шаардлаа

1937, 1938 онд хэлмэгдэж, амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Хэвлэлийн бага хуралд нийт 18 аймгаас хүмүүс ирсэн байна. Эдгээр хүмүүс бүгд хэлмэгдэгсдийн төлөөлөл аж. Тэд хэлмэгдүүлэлтийн хуулийг эсэргүүцсэн уриа лоозон барьсан байв. Их хэлмэгдүүлэлтийн хүнд хэцүү цагт эх эцэг, эмээ, өвөө алдсан гэх эдгээр хүмүүсийн дийлэнхи нь 60-80 насныхан аж. Эдгээр хөгшчүүл өнөөдөр хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд олгох ёстой орон сууцаа яаралтай өгөхийг шаардсан юм. Одоогийн байдлаар Монголд хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд гэх 917 иргэн байдаг байна. Тэдэнд төрөөс нөхөн олговор болон орон сууц өгнө гэж олон жилийн өмнөөс ярьсан ч дорвитой хийсэн ажил байхгүй байгаа гэдгийг хэлсэн юм. Бүр төр засгаас тэдэнд хандаж ямар нэгэн тусламж олгоогүй, нэг ч орон сууц өгөөгүй аж. Харин цөөн хэдэн удаа мөнгөн тусламж өгч байсан байна.
Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Дашдаваа энэ үеэр “Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд бид бараг 10 гаруй жилийн турш нөхөн олговор болох орон сууцны асуудлаа хөөцөлдлөө. Одоо тэгж хөөцөлдөөд явах тэнхэл ч үгүй боллоо. Тиймээс хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд олгох орон сууцны асуудлаа яаралтай шийдэж, хэдэн хөгшчүүлийг амьд дээр нь орон сууцтай болгооч хэмээн хүсэж байна. Энэ бүхнийг цааш мэдээлж, уламжилж өгөхийг сэтгүүлч та бүхнээс хүсье” гэлээ.
Сэтгэгдэл (1)