
1. 2013-2014 оны халаалтын улиралд “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс”-ийн “Түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүс”-ийн өрхийг боловсруулсан түлшээр хангахад нийт 33.0 мянган тонн түлш шаардлагатай боловч өнөөдрийн байдлаар дөнгөж 700 тонн тонн түлш нөөцөлсөн нь бүсийн нийт хэрэгцээний 2 хувийг хангах хэмжээнд байна.
Боловсруулсан түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, бүсэд түлш нөөцлөн нийлүүлэх үүргийг Үндэсний хорооноос удаа дараа үүрэг өгсөн боловч бодлогын асуудал хариуцсан Уул уурхайн яам болон БОНХЯ, НЗДТГ-аас бодлогын болон зохион байгуулалтын арга хэмжээг хангалтгүй авч хэрэгжүүлснээс шалтгаалан түлш нийлүүлэх ажил өмнөх жилийнхээс буураад байна.
Иймд Үндэсний хорооноос боловсруулсан түлш үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэх өртгийг бууруулах зорилгоор “Багануур” ХК-ний нүүрсний уурхайгаас түүхий нүүрсийг дулааны цахилгаан станцуудад борлуулж байгаа үнэтэй адил үнээр нийлүүлэх, тэдний үйлдвэрлэсэн хагас коксыг брикетлэх, тээвэрлэх, нөөцлөх зэрэг үйлдвэрлэлийг тасралтгүй явуулахад шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хангах үүрэг өглөө.

Мөн хөнгөлөлттэй үнээр эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн худалдан авсан иргэдэд тогтмол хяналт тавьж, тухайн бүтээгдэхүүнийг ашиглаагүй, худалдан борлуулсан, үрэгдүүлсэн, зааврын дагуу ашиглаагүй зэрэг зөрчил илэрсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
3. Засгийн газрын тусгай сан “Цэвэр агаарын сан”-гийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа төсөл болон бусад үйл ажиллагааны талаар хэлэлцэж тус сангийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамгийн үр ашигтай төслүүдийг санхүүжүүлэхэд голлон анхаарч, шуурхай, санаачлага гарган хуулийн шаардлагад нийцүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО