
Энэхүү үзэсгэлэн нээгдсэнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрөөд байгаа ч, тус музейг зорьж ирэх үзэгчдийн тоо тасрахгүй байгаа гэдгийг тус музейн ажилтнууд хэлж байна.
Үзэсгэлэнг зорин ирж буй үзэгчдийн дийлэнхи нь Дархан-Уул, Сүхбаатар, Орхон аймгийн оршин суугчид мөн гадаадын жуулчид байгаа аж. Үлэг гүрвэлийн төв музейгээс борлуулж буй Т.Батаартай холбоотой бэлэг дурсгалын зүйлс болох “Тарбозавр” батаарын тухай үлгэр, зурж сурцгаая зургийн ном, ил захидал зэргээс “Тарбозавр” батаарын тухай үлгэр хамгийн их борлуулалттай байгаа юм байна.
Мөн Дархан-Уул аймгийн сургуулийн сурагчдад зориулсан палеонтологийн шинжлэх ухаан сургалтын хөтөлбөрөөр динозавр гэж юу вэ, эртний чулуужсан амьтан, ургамлын үлдэгдлийн тухай сэдвүүдийн дор сургалт явуулж байгаа аж. Монгол улсын музейн түүхэнд хоёрхон сарын дотор улсын төсөвт 120 гаруй сая төгрөг оруулсан музей бол “Үлэг гүрвэлийн төв” музей юм.
Т.Энхэлээ