Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргүүдийн нэг СХД-ийг хувааж хоёр дүүрэг болгохоор судалгааны ажлыг хийж байгаа билээ. Албан ёсны судалгаагаар бол энэ дүүрэг 270 мянган хүн амтай. Нэг хороо нь л гэхэд 10 мянган хүнтэй болохоор нийгмийн үйлчилгээ иргэн бүрт шуурхай хүрэх боломжгүй гэсэн зовлонг Засаг дарга нь ярьж байгаа юм. Тиймээс тус дүүргийг хоёр хувааж, статусыг тусад нь болгохоор иргэдийн саналыг хурааж эхэлжээ.Бид энэ талаар СХД-ийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Буянбадралаас зарим зүйлийг тодрууллаа.
- Санал хураалтын хариу хэзээ гарах вэ?
- Санал хураалтын хариу ирэх долоо хоногт гарна. Энэ ажил яг одоо судалгааны түвшиндээ явж байна. Дүүргийн засаг даргын мөрийн хөтөлбөрт “Дүүргийг хоёр хувааж, төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх” гэсэн зүйл орсон байгаа. Тиймээс мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийнхээ хүрээнд уг ажлыг хийж байгаа юм.
- Энэ талаар нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчидтэй зөвшилцсөн үү?
- Уг ажлыг дүүргийнхэн санаачлан хийж байгаа бөгөөд судалгааны дүнг нэгтгээд дүүргийнхээ ИТХ-аар хэлэлцүүлээд дараа нийслэлийн ИТХ-д танилцуулах юм.
- Хэрхэн яаж, хуваах ажлынхаа төлөвлөгөөг гаргасан уу?
- Тэр асуудал одоо тодорхой бус байна. Судалгааны дүн гараад нийслэлийн ИТХ-аар хэлэлцэгдсэний дараа дараагийн ажлын төлөвлөгөөгөө гаргана. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ-аар шийдвэрлэнэ. Хэрхэн, яаж хуваахаа бид тодорхой болговол хэвлэлийнхэнд мэдээлнэ.
Т.Энхэлээ



















































