“Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-аас “Гоё” нэрийн таргийг чанар, стандартын шаардлага хангахгүй байгаа тул шалгалт явуулахыг МХЕГ-аас хүсчээ. Энэ дагуу өнгөрсөн 8-р сард “Гоё” тарганд шинжилгээ хийсэн ч өнөөдрийг хүртэл дөрвөн сарын турш шалгалтын дүнг гаргаагүй байна. Энэ бүтээгдэхүүн нь стандартын шаардлага хангаагүй, хадгалах хугацааг зориудаар уртасгах E төрлийн индекс бүтээгдэхүүн хольсон нь “тараг” гэсэн бүтээгдэхүүний мөн чанарыг алдагдуулж байгаа аж. “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-ын ТУЗ-ийн дарга Б.Цэрэнгийн хэлснээр өмнө нь лабораторийн шинжилгээ хийхэд тарганд байх ёстой ашигтай бичил биетийн тоо харьцангуй бага байсан аж. Гэтэл өнөөдрийг хүртэл “Гоё” зэрэг стандарт хангаагүй бүүн бүтээгдэхүүнүүд зарагдсаар байна. Хамгийн ноцтой нь Хүнсний тухай хуульд орсон өөрчлөлтөөр хүнсний бараа бүтээгдэхүүнүүд дэлгүүрийн лангуун дээр очиход шинжилгээний бичиг шаардахаа больжээ. Өөрөөр хэлбэл хөндлөнгийн хараа хяналтгүйгээр хэрэглэгчдэд шууд очиж байгаа гэсэн үг юм. МХЕГ-ыг татан буулгах гэж байгаа, мөн төрийн хүнд суртлыг багасгах зорилготой шинжилгээний бичгийг болиулсан аж. Гэвч энэ нь эргээд иргэдийн хүнсний аюулгүй байдалд “харанга” дэлдэж эхэлжээ.
Б.Цэрэн “Бүх хүнсний бүтээгдэхүүн шинжилгээний бичиггүй, зарлагын падаантай л дэлгүүрт очиж байна. Хор аваачаад зарж байгаа эсэхийг мэдэх аргагүй. “Гоё” таргийг гэхэд л “Миний дэлгүүр”-т шинжилгээний бичиггүй зарж байх жишээтэй. Хэрэв МХЕГ-аас “Гоё” тарганд хийсэн шинжилгээний дүнг хурдан гаргавал бусад сүү, сүүн бүтээгдэхүүнд ч гэсэн нийтлэг жишиг болно. Тиймээс энэ шалгалтаа хурдан дуусгахыг МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазараас шаардаж байна” гэлээ.



















































Сэтгэгдэл (3)