Хууль сахиулахын их сургуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах ажилтан буюу замын цагдаа нарыг бэлтгэдэг ангийг энэ сарын 20-нд нээсэн байна. Өмнө нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэргэшсэн ажилтан бэлтгэдэггүй байсан бөгөөд ЗХУ-д автын дунд мэргэжлийн байцаагч, дунд мэргэжлийн хуульч мэргэжлээр төгссөн хүмүүсийг замын цагдаагийн албанд ажиллуулж иржээ. Энэ талаар тус сургуулийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч, профессор, цагдаагийн хурандаа Ч.Ганбат "Дөнгөж шинэ анги нээж байгаа болохоор шинээр элсэлт аваагүй. Хууль зүйн сайд болон Цагдаагийн ерөнхий газраас өгсөн үүрэг, хяналтын тооны дагуу манай сургуулийн гуравдугаар курсын 170 оюутнаас өөрсдийнх нь хүсэлтээр бүртгэж, тэдний дунд шалгаруулалт явуулаад, 30 сонсогчийг энэ ангид бүртгэсэн. Цаашид замын цагдаагийн албанд хэчнээн хүн хэрэгтэй болно, тэр тоогоор мэргэжилтэн бэлтгэх юм" гэв.



















































