Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машиныг хэрэглээнд нэвтрүүлээд таван сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд нийт 68 мянган хүн үйлчлүүлж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын ачаалал 40 хувиар буурсан гэх тооцоог Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганы хуралдааны үеэр хэллээ. Улаанбаатар хотод одоогоор 17 газар ийм машин байршуулаад байгаагаас хамгийн ачаалал ихтэй нь Төв шуудан, "Тэнгис" кино театр, УБТЗ-ын өртөөнд байрладаг машинууд юм байна. НҮБ-ын ийм үйлчилгээний хэмнэлтийг тооцдог аргаар бодоход өнгөрсөн хугацаанд ТҮЦ машин нийт 896 сая төгрөг хэмнэсэн байна. Мөн нэг иргэн жилд УБЕГ-аар гурван удаа үйлчлүүлдэг гэвэл нэг хүн 1 цаг, 27 минут хэмнэсэн байна. ТҮЦ машиныг аймгийн төвүүдэд суурилуулж эхэлсэн. Удахгүй Алтан булаг, Замын-Үүдийн боомт дээр ажиллуулах юм байна. Мөн удахгүй ТҮЦ машинаар иргэд цахилгааны төлбөрөө төлж, үл хөдлөх хөрөнгийн цахимжуулсан гэрчилгээг авдаг болох аж.



















































