
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах улсын болон орон нутгийн төсөөс санхүүждэг байгууллагууд 2013 оны орлого, зарлагын тайлангаа анх удаа иргэдэд нээлттэй тайлагнаж, өдөрлөг зохион байгууллаа. “Шилэн данс” нэртэйгээр зохион байгуулагдсан уг өдөрлөгийн зорилго нь дүүргийн нутагт байрлах төсвийн байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаа, түүний үр дүнг иргэдэд нээлттэй ил тод болгож, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн. Ингэснээр авлига, зүй буё үйлдэл, төсвийн буруу зарцуулалт байхгүй болж татвар төлөгч жирийн иргэд өөрсдийнхөө төлсөн татварын үр дүнг харж, мэдэх боломж бий болж байгаа аж. Төсвийн байгууллагын санхүүгийн хяналтыг төр биш иргэд нь өөрсдөө илүү ихээр тавих боломжийг бүрдүүлж байгуу уг арга хэмжээ тус дүүргийн бүх хороодод ээлж дараатайгаар, уламжлал болон зохион байгуулагдах юм байна.Дашрамд дурдахад, 8дугаар хороонд зохион байгуулагдсан уг өдөрлөгт 32дугаар цэцэрлэг, 92 дугаар сургууль, Амгалан, Баянзүрх цогцолборын захиргаанаас сургуулийн хүүхдийн үдийн цай,цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолоор өдөрдөгт оролцсон иргэдийг дайлсан. Харин Жижиг дунд үйлдвэрийг дэмжих Баянзүрх-Нэг зүрх төвд үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээлээрээ бичил үзэсгэлэн гаргасан нь өдөрлөгт оролцогчдын анхаарлыг ихээхэн татаж байв.