
Үнэлгээнд Тасганы овооны уулзвар, 3,4 дүгээр хорооллын Номингийн уулзвар, 3,4 дүгээр хорооллын эцсийн уулзвар, Гэмтлийн эмнэлгийн уулзвар, Саппорогийн уулзвар, Мишээл Экспогийн уулзвар, Хуучин цагаан хаалганы уулзвар, ХУД-ын Номингийн уулзвар, 120-ын тойрог хамрагджээ. Дээрх зам, уулзваруудын 45% нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, 22% нь сайн, 22% нь стандарт бус замтай, 11% нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зорчих төлөвлөлт хийгээгүй гэсэн дүгнэлт гарчээ.
Үнэлгээ хийсэн бүх гарцууд дээр дуут гэрлэн дохио огт байхгүй. Хараагүй хүний хөтөч зам дээр гэрлийн шон байрлуулсан, хөтөч замын төгсгөлд байх анхааруулга хавтанг хийгээгүй жишээ олон байв. Замын гарцын борьдурыг 1,3 мм-ээс өндөр буюу стандарт бус хийснээс тэргэнцэртэй иргэд ганцаар зорчих боломжгүй, гарцын налуулалт стандартын хэмжээнээс өндөр зэрэг зөрчил илрэв. Тиймээс МТИҮХ-ноос дараах зөвлөмж гаргав.
1. Явган хүний замын стандартыг шинээр боловсруулах, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон хучилгын сонголтыг эцэслэн тогтоож мөрдүүлэх, гөлгөр гадаргуутай хучилтыг хэрэглэхгүй байх,
2. Явган замын ажлыг гүйцэтгэдэг мэргэжлийн ажилчин бэлтгэх, мэргэшүүлэх, инженер техникийн ажилчдад норм, нормативын талаар сургалт явуулах, гарын авлага, жишиг стандарт хийцийг бий болгох,
3. Зураг төсөл боловсруулж байгаа байгууллагууд нөөц газар буюу ногоон байгууламжийн газрыг авч үлдэх. Дараа нь зам өргөтгөхөд нөөц газартай байх,
4. Уулзваруудад харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан зориулалтын нам давтамж бүхий дуут гэрлэн дохиоллыг бий болгох,
5. Тэгш хэсгийн өргөнийг дахин стандартад нийцүүлэн хийх, явган зам дээр машин зогсох боломжгүй болгох,
6. Хөтөч замуудыг стандартын шаардлагад нийцүүлэх, эргэх, анхааруулах хавтанг зөв байрлуулах зэрэг зөвлөмж гарав.
Сэтгэгдэл (1)